Хууль эрх зүй
Үйлчилгээний нөхцөл
Тасалбар сонгох, захиалах, төлбөр төлөх, хүлээн авах, ашиглах болон захиалгатай холбоотой хүсэлт гаргах нөхцөл. Сүүлд шинэчилсэн: 2026 оны 10 сарын 20.
1. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь АКТ ЭМ ЭН ХХК /цаашид «TALON» гэх/-ийн ажиллуулдаг talon.mn цахим платформоор дамжуулан тасалбар сонгох, захиалах, төлбөр төлөх, хүлээн авах, ашиглах, захиалгатай холбоотой хүсэлт гаргах харилцааг зохицуулна.
1.2. Энэхүү нөхцөлд дараах нэр томьёог хэрэглэнэ:
- Платформ: talon.mn болон түүнд хамаарах захиалга, төлбөр, тасалбарын цахим систем.
- Хэрэглэгч: Платформоор тасалбар захиалж, худалдан авч буй этгээд.
- Зохион байгуулагч: Тухайн арга хэмжээг зохион байгуулж, тасалбарын үнэ, багтаамж, оролцох нөхцөлийг тогтоох эрх бүхий этгээд.
- Тасалбар: Тодорхой арга хэмжээнд заасан нөхцөлийн дагуу нэвтрэх эрхийг баталгаажуулсан цахим баримт.
- Захиалга: Хэрэглэгчийн сонгосон тасалбар, тоо ширхэг, суудал, төлбөрийн мэдээлэл бүхий бүртгэл.
- Үйлчилгээний хураамж: Тасалбарын үнээс тусад нь тооцох бол төлбөр төлөхөөс өмнө тодорхой харуулсан хураамж.
1.3. Хэрэглэгч захиалгаа баталгаажуулахын өмнө энэхүү нөхцөл болон тухайн арга хэмжээний тусгай нөхцөлтэй танилцаж, зөвшөөрнө.
1.4. Тухайн арга хэмжээний насны хязгаар, нэвтрэх журам, суудлын төрөл болон буцаалтын тусгай нөхцөлийг худалдан авалтаас өмнө арга хэмжээний хуудас эсвэл захиалгын хэсэгт харуулна. Эдгээр нөхцөл нь хууль тогтоомжоор хамгаалагдсан хэрэглэгчийн эрхийг хязгаарлахгүй.
1.5. Зохион байгуулагч болон заал, талбай эзэмшигчид үзүүлэх тасалбар борлуулалт, заал талбайн удирдлагын үйлчилгээний төлбөр, тооцоо нийлэлт, систем ашиглалт, талуудын хариуцлагыг тусдаа гэрээгээр зохицуулна. Энэхүү нөхцөл нь тэдгээр гэрээг орлохгүй.
2. TALON болон зохион байгуулагчийн үүрэг
2.1. TALON нь арга хэмжээний мэдээллийг хүргэх, тасалбар захиалах, төлбөрийн баталгаажуулалт хүлээн авах, цахим тасалбар олгох, захиалгын мэдээллийг удирдах үйлчилгээг үзүүлнэ.
2.2. Арга хэмжээний зохион байгуулагчийн нэр, холбоо барих мэдээлэл болон тасалбарын гол нөхцөлийг тухайн арга хэмжээний хуудсанд байршуулна.
2.3. Зохион байгуулагч нь арга хэмжээний хөтөлбөр, оролцогчид, товлосон цаг, байршил, суудлын зохион байгуулалт, аюулгүй байдал болон нэвтрэх ажиллагааг хариуцна.
2.4. TALON нь өөрийн үйлчилгээний ажиллагаа, захиалга болон төлбөрийн мэдээллийн боловсруулалттай холбоотой үүргээ хариуцна. Зохион байгуулагчтай холбоотой хүсэлтийг холбогдох талд уламжилж, шийдвэрлэлтийн явцын талаар хэрэглэгчид мэдээлнэ.
2.5. TALON өөрөө зохион байгуулагч эсвэл талбайн оператороор оролцож байгаа бол энэ тухай тухайн арга хэмжээний хуудсанд тодорхой мэдээлнэ. Ийм тохиолдолд тухайн үүргээс үүсэх хариуцлагыг давхар хүлээнэ.
3. Бүртгэл ба мэдээллийн аюулгүй байдал
3.1. Хэрэглэгч захиалга хийхдээ өөрийн нэр, утасны дугаар, цахим шуудан болон шаардлагатай бусад мэдээллийг үнэн зөв оруулна.
3.2. Хэрэглэгч нууц үг, нэг удаагийн баталгаажуулах код болон нэвтрэх эрхээ бусдад дамжуулахгүй, өөрийн бүртгэлийг хамгаална.
3.3. Зөвшөөрөлгүй нэвтрэлт, сэжигтэй захиалга эсвэл мэдээллийн өөрчлөлт илэрвэл хэрэглэгч TALON-д нэн даруй мэдэгдэнэ. TALON хүсэлтийг шалгаж, шаардлагатай тохиолдолд бүртгэлийг хамгаалах арга хэмжээ авна.
3.4. Насанд хүрээгүй хэрэглэгчийн худалдан авалт нь хуульд заасан эрх зүйн чадамж болон шаардлагатай зөвшөөрөлд нийцсэн байна. Тасалбар худалдан авсан нь тухайн арга хэмжээний насны хязгаараас чөлөөлөх үндэслэл болохгүй.
4. Тасалбар сонгох ба захиалга үүсгэх
4.1. Хэрэглэгч төлбөр төлөхөөс өмнө дараах мэдээллийг шалгана:
- Арга хэмжээний нэр, огноо, эхлэх цаг, байршил;
- Тасалбарын төрөл, суудлын хэсэг, эгнээ, дугаар;
- Тоо ширхэг, нэгж үнэ, хөнгөлөлт, нийт төлбөр;
- Насны хязгаар, нэвтрэх болон буцаах, солих нөхцөл.
4.2. Дугаарласан суудалтай тасалбар нь захиалгад заасан суудалд, чөлөөт байршилтай тасалбар нь заасан бүсэд нэвтрэх эрх олгоно. Тасалбарын тайлбарт тусгайлан заагаагүй бол чөлөөт байршилтай тасалбар тодорхой суудал баталгаажуулахгүй.
4.3. Суудлын зураг, тайзны дүрслэл нь байршлыг ойлгуулах зориулалттай. Харагдац хязгаарлагдсан болон бусад онцлогтой суудлын мэдээллийг худалдан авалтаас өмнө тодорхой харуулна.
4.4. Захиалга үүсэх үед тасалбар эсвэл суудлыг төлбөрийн хэсэгт харуулсан хугацаагаар түр хадгална. Түр хадгалалт нь худалдан авалт баталгаажсан гэсэн үг биш.
4.5. Түр хадгалалтын хугацаанд төлбөр баталгаажаагүй бол захиалга автоматаар цуцлагдаж, тасалбар дахин худалдаанд гарч болно. Хэрэглэгч шинэ захиалга үүсгэх үед тухайн үеийн үнэ, нөөц үйлчилнэ.
4.6. Нэг хэрэглэгчийн худалдан авах тасалбарын тоонд хязгаар тогтоосон бол захиалга хийхээс өмнө харуулна. Автомат программ, олон бүртгэл болон бусад аргаар энэ хязгаарыг тойрон гарахыг хориглоно.
5. Үнэ, хөнгөлөлт ба төлбөр
5.1. Тасалбарын үнийг төгрөгөөр илэрхийлнэ. Тасалбарын үнэ, үйлчилгээний хураамж болон хэрэглэгчийн төлөх нийт дүнг төлбөр баталгаажуулахаас өмнө харуулна.
5.2. Урьдчилсан борлуулалт, хугацаатай урамшуулал, гишүүнчлэлийн хөнгөлөлт нь зарласан хугацаа, тоо хэмжээ болон ашиглах шаардлагын хүрээнд үйлчилнэ. Худалдан авалтын дараах үнийн өөрчлөлт нь өмнө баталгаажсан захиалгын үнийг өөрчлөхгүй.
5.3. Төлбөрийг зөвхөн Платформын захиалгын хэсэгт санал болгосон төлбөрийн хэрэгслээр гүйцэтгэнэ. Захиалгын зааварт тусгаагүй дансанд шилжүүлсэн төлбөрийг тасалбарын баталгаажсан төлбөр гэж шууд тооцохгүй.
5.4. Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчийн баталгаажуулалт TALON-д ирж, захиалга «Төлөгдсөн» төлөвт шилжсэнээр худалдан авалт баталгаажна.
5.5. Данснаас мөнгө суутгагдсан боловч захиалга баталгаажаагүй бол хэрэглэгч дахин төлбөр хийхээс өмнө захиалгын төлөвөө шалгаж, захиалгын дугаар болон гүйлгээний баримтын хамт TALON-д хандана.
5.6. Түр хадгалалтын хугацаа дууссаны дараа төлбөр баталгаажсан бол TALON төлбөр, тасалбарын нөөцийг шалгана. Анхны тасалбарыг олгох боломжгүй бол хэрэглэгчийн зөвшөөрлөөр өөр сонголт санал болгох эсвэл тухайн төлбөрийг буцаан олгоно.
5.7. Нэг захиалгад давхар төлбөр төлөгдсөн, эсвэл системийн алдаанаас илүү дүн суутгагдсан нь батлагдвал илүү төлбөрийг буцаан олгоно. Өөр захиалгын дугаартайгаар давтан худалдан авсан тасалбарыг автоматаар давхар гүйлгээ гэж үзэхгүй бөгөөд тусад нь шалгана.
5.8. Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч өөрийн үйлчилгээний шимтгэл тооцдог бол тухайн үйлчилгээ үзүүлэгчийн нөхцөл үйлчилнэ. TALON өөрийн авч буй хураамжийг урьдчилан мэдээлнэ.
6. Тасалбар хүлээн авах ба төлбөрийн баримт
6.1. Баталгаажсан тасалбарыг хэрэглэгчийн «Миний тасалбар» хэсэгт байршуулна. Цахим шуудан, мессеж зэрэг нэмэлт хүргэлтийн суваг ашиглах бол захиалгын үед мэдээлнэ.
6.2. Тасалбар дээрх арга хэмжээ, огноо, төрөл болон суудлын мэдээлэл захиалгатай зөрсөн бол хэрэглэгч TALON-д мэдэгдэж шалгуулна.
6.3. Мессеж, цахим шуудан ирээгүй нь захиалга баталгаажаагүй гэсэн үг биш. Хэрэглэгч «Миний тасалбар» хэсэг болон захиалгын төлөвийг шалгана.
6.4. Төлбөр баталгаажсан боловч тасалбар харагдахгүй байвал TALON захиалгыг шалгаж, тасалбарыг сэргээх эсвэл хүргэх арга хэмжээ авна. TALON-ы алдаанаас тасалбар олгогдоогүй, хэрэглэгч үйлчилгээг авч чадаагүй бол холбогдох төлбөрийг буцаан олгох асуудлыг шийдвэрлэнэ.
6.5. Цахим төлбөрийн баримт /eBarimt/ болон нэхэмжлэх нь ялгаатай баримт бичиг байна. Хэрэглэгч байгууллагын мэдээллээр баримт авах бол шаардлагатай нэр, дугаарыг үнэн зөв оруулна. Баримтын алдаа, засварын хүсэлтийг TALON-д гаргаж болно.
7. Тасалбар ашиглах ба арга хэмжээнд нэвтрэх
7.1. Тасалбар нь зөвхөн түүнд заасан арга хэмжээ, огноо, цаг, суудал эсвэл бүсэд хүчинтэй.
7.2. QR код нь тасалбарын нэвтрэх эрхийг шалгах мэдээлэл тул хэрэглэгч кодоо олон нийтэд нийтлэхгүй, танихгүй этгээдэд дамжуулахгүй, аюулгүй хадгална.
7.3. Нэг удаагийн нэвтрэх эрхтэй тасалбар амжилттай шалгагдсаны дараа дахин ашиглагдахгүй. Дахин нэвтрэх эсвэл олон удаагийн эрхтэй бол тасалбарын тусгай нөхцөлд заана.
7.4. QR код уншигдахгүй, өмнө ашиглагдсан төлөвтэй эсвэл тасалбарын мэдээлэл зөрүүтэй байвал хэрэглэгч нэвтрэх хэсгийн эрх бүхий ажилтан болон TALON-д хандаж шалгуулна. Захиалгын дугаар, худалдан авалтыг батлах мэдээлэл шаардаж болно.
7.5. Давхардсан QR кодын маргааныг зөвхөн кодыг түрүүлж уншуулсан эсэхээр эцэслэхгүй. Захиалга, тасалбарын төлөв болон нэвтрэлтийн бүртгэлийг шалгаж шийдвэрлэнэ.
7.6. Хэрэглэгч арга хэмжээний насны хязгаар, аюулгүй байдлын шалгалт, хориглосон эд зүйл, хоцролт болон дахин нэвтрэхтэй холбоотой урьдчилан мэдээлсэн журмыг дагаж мөрдөнө. Нас, хөнгөлөлт эсвэл нэр заасан эрхийг баталгаажуулах шаардлагатай бол холбогдох баримтыг үзүүлнэ.
7.7. Хэрэглэгчийн зөрчлөөс шалтгаалан үндэслэлтэйгээр нэвтрүүлэхээс татгалзсан тохиолдлыг зохион байгуулагчийн урьдчилан мэдээлсэн нөхцөл болон хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. Хүчинтэй тасалбартай хэрэглэгчийг TALON эсвэл зохион байгуулагчийн алдаанаас нэвтрүүлээгүй бол хэрэглэгч буцаан олголт болон холбогдох шаардлага гаргах эрхтэй.
8. Тасалбар шилжүүлэх ба хориглох үйлдэл
8.1. Тасалбарыг өөр хүнд шилжүүлэн ашиглуулах боломжтой эсэх нь тухайн тасалбарын нөхцөлөөс хамаарна. Нэр заасан, гишүүнчлэлийн эсвэл хөнгөлөлттэй тасалбарт нэмэлт шаардлага үйлчилж болно.
8.2. TALON албан ёсны шилжүүлгийн боломж санал болгосон бол хэрэглэгч тухайн зааврыг дагана. QR кодын зургийг бусдад илгээсэн нь тасалбарын эзэмшигчийг системд албан ёсоор өөрчилсөнд тооцогдохгүй.
8.3. Дараах үйлдлийг хориглоно:
- Тасалбар, QR код, төлбөрийн баримтыг хуурамчаар үйлдэх, өөрчлөх;
- Нэг тасалбарыг олон хүнд худалдах, давхар ашиглахыг оролдох;
- Зөвшөөрөлгүйгээр арилжааны зорилгоор дахин борлуулах;
- Бусдын бүртгэл, төлбөрийн хэрэгслийг зөвшөөрөлгүй ашиглах;
- Системийн эмзэг байдал, алдаа эсвэл автомат программаар шударга бус давуу байдал олж авах;
- Платформын хэвийн ажиллагаанд саад учруулах.
8.4. Зөрчлийн үндэслэлтэй сэжиг илэрвэл TALON холбогдох үйлдэл, бүртгэл эсвэл тасалбарыг түр хязгаарлаж шалгаж болно. Боломжтой бөгөөд хуулиар хориглоогүй тохиолдолд шалтгаан, шалгуулах сувгийг хэрэглэгчид мэдэгдэнэ. Зөвхөн сэжигт үндэслэн төлсөн мөнгийг хураахгүй; төлбөрийн асуудлыг шалгалтын үр дүн болон хуульд нийцүүлэн шийдвэрлэнэ.
9. Хэрэглэгчийн хүсэлтээр захиалга өөрчлөх, буцаах
9.1. Төлбөр баталгаажаагүй захиалгыг түр хадгалалтын хугацаанд цуцалж, шинэ сонголтоор дахин үүсгэж болно.
9.2. Арга хэмжээ зарласан нөхцөлийн дагуу зохион байгуулагдаж байгаа үед хэрэглэгчийн хувийн төлөвлөгөө өөрчлөгдсөн, буруу арга хэмжээ, суудал эсвэл тоо ширхэг сонгосон, хоцорсон, ирээгүй зэрэг шалтгаанаар тасалбарыг ердийн журмаар буцаах, солихгүй. Тухайн арга хэмжээний нөхцөлөөр илүү таатай боломж олгосон эсвэл хуульд өөрөөр заасан бол түүнийг дагана.
9.3. Тухайн арга хэмжээнд сайн дурын буцаалт, солилт зөвшөөрөх бол хүсэлт гаргах эцсийн хугацаа, суутгах хураамж, шаардах мэдээллийг худалдан авалтаас өмнө тодорхой харуулна. Урьдчилан мэдээлээгүй буцаалтын хураамжийг дараа нь шинээр ногдуулахгүй.
9.4. Солилт нь тасалбарын нөөц болон үнийн зөрүүгээс хамаарна. Хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр суудал, тасалбарын ангиллыг өөрчлөхгүй.
9.5. Энэ хэсэг нь арга хэмжээ цуцлагдсан, үндсэн нөхцөл өөрчлөгдсөн, төлбөрийн алдаа гарсан эсвэл үйлчилгээ зохих ёсоор үзүүлээгүйтэй холбоотой хэрэглэгчийн шаардлагад хамаарахгүй.
10. Арга хэмжээ цуцлагдах, хойшлох, өөрчлөгдөх
10.1. Арга хэмжээ цуцлагдсан, хойшилсон эсвэл байршил, үндсэн нөхцөл өөрчлөгдсөн тухай баталгаатай мэдээлэл ирсэн үед TALON арга хэмжээний хуудас болон хэрэглэгчийн бүртгэлтэй холбоо барих сувгаар мэдээлнэ.
10.2. Арга хэмжээ бүрэн цуцлагдсан тохиолдолд ашиглаагүй тасалбарын төлсөн үнийг буцаан олгоно. Цуцлалтаас шалтгаалсан буцаалтад нэмэлт торгууль, буцаалтын шимтгэл ногдуулахгүй.
10.3. Арга хэмжээ хойшилсон бол өмнөх тасалбар шинэ товд хүчинтэй эсэх, хэрэглэгч шинэ товд оролцох боломжгүй бол буцаалт хүсэх журам, хугацааг хамтад нь мэдээлнэ. Шинэ тов гараагүй байгаа тохиолдолд дараагийн мэдээлэл өгөх хугацааг мэдэгдэнэ.
10.4. Байршил, суудлын ангилал эсвэл худалдан авалтын үндсэн нөхцөл өөрчлөгдсөн бол өөрчлөлтийн агуулга, орлуулах сонголт, үнийн зөрүү болон боломжит буцаалтыг тодорхой мэдээлнэ. Доогуур үнэтэй ангилалд шилжүүлэхэд хэрэглэгчийн зөвшөөрлийг авч, үнийн зөрүүг шийдвэрлэнэ.
10.5. Хөтөлбөрийн жижиг өөрчлөлт бүр автоматаар буцаалтын үндэслэл болохгүй. Харин худалдан авах шийдвэрт голлон нөлөөлсөн үндсэн үйлчилгээ өөрчлөгдсөнтэй холбоотой хүсэлтийг бодит нөхцөл болон хуульд нийцүүлэн шалгана.
10.6. Цуцлалт, хойшлолтын үед хүсэлт хүлээн авах суваг, шаардлагатай мэдээлэл, буцаан олгох дүн болон хугацааг тусгай мэдэгдэлд тодорхой заана. Зохион байгуулагчтай хийх дотоод тооцоо нь хэрэглэгчийн хүсэлтийг хүлээн авахгүй байх үндэслэл болохгүй.
11. Буцаан олголтын хүсэлт ба гүйцэтгэл
11.1. Буцаалт эсвэл төлбөрийн шалгалтын хүсэлтийг support@akt.mn цахим шуудангийн хаягаар гаргана.
11.2. Хүсэлтэд дараах мэдээллийг оруулна:
- Захиалгын дугаар;
- Бүртгэлтэй утас эсвэл цахим шуудан;
- Хүсэлт гаргаж буй тасалбар болон шалтгаан;
- Төлбөртэй холбоотой асуудал бол гүйлгээний огноо, дүн, баримт.
11.3. TALON нь хүсэлтийг шалгахад зайлшгүй шаардлагатай нэмэлт мэдээллийг л авна. Нууц үг, нэг удаагийн код, банкны картын бүтэн мэдээлэл, хамгаалалтын код шаардахгүй.
11.4. Хүсэлт дутуу бол шаардлагатай мэдээллийг хэрэглэгчид мэдэгдэнэ. Хүсэлтийг зөвшөөрсөн эсвэл татгалзсан шийдвэр, үндэслэл, буцаах дүн болон суутгал байгаа бол түүний тооцоог бичгээр хүргэнэ.
11.5. Буцаан олголтыг боломжтой тохиолдолд анх төлбөр хийсэн хэрэгслээр гүйцэтгэнэ. Энэ нь техникийн хувьд боломжгүй бол төлбөр төлөгчийг баталгаажуулж, тохиролцсон дансанд шилжүүлнэ.
11.6. Буцаалтыг баталгаажуулж, шаардлагатай мэдээлэл бүрдсэнээс хойш ажлын 5 өдрийн дотор TALON-ы хийх гүйлгээг гүйцэтгэнэ. Банк, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчийн нэмэлт боловсруулалтын хугацаа байвал тусад нь мэдээлнэ. Саатсан тохиолдолд шалтгаан, шинэчилсэн хугацааг мэдэгдэнэ.
11.7. Буцаалт баталгаажсан тасалбарыг хүчингүй болгож, дахин нэвтрэх болон шилжүүлэх боломжгүй болгоно. Нэг захиалгын хэсэгчилсэн буцаалт зөвшөөрөгдсөн бол зөвхөн холбогдох тасалбарыг хүчингүй болгоно.
12. Хувийн мэдээлэл ба мэдэгдэл
12.1. TALON нь бүртгэл, захиалга, төлбөр баталгаажуулалт, тасалбар хүргэлт, нэвтрэх эрх шалгалт болон хэрэглэгчийн хүсэлт шийдвэрлэхэд шаардлагатай хувийн мэдээллийг хууль тогтоомж болон Нууцлалын бодлогын дагуу боловсруулна.
12.2. Ямар мэдээллийг, ямар зорилгоор, ямар хугацаанд хадгалах, хэнд дамжуулах, хэрэглэгч эрхээ хэрхэн хэрэгжүүлэхийг Нууцлалын бодлогод дэлгэрэнгүй тайлбарлана.
12.3. Захиалга, тасалбар, цуцлалт, хойшлолт, аюулгүй байдалтай холбоотой үйлчилгээний мэдэгдлийг хэрэглэгчийн бүртгэлтэй сувгаар хүргэж болно. Сурталчилгааны мэдээллийн зөвшөөрлийг үйлчилгээний мэдэгдлээс тусад нь зохицуулна.
12.4. Бүртгэл устгах хүсэлт гаргасан нь хуульд заасан хугацаанд хадгалах шаардлагатай төлбөр, татвар, маргаантай холбоотой бүртгэлийг нэн даруй устгах үндэслэл болохгүй. Хадгалах мэдээлэл, үндэслэлийг Нууцлалын бодлогын дагуу тайлбарлана.
13. Техникийн саатал ба хариуцлага
13.1. TALON нь Платформын хэвийн ажиллагааг хангах, алдаа саатлыг илрүүлж засах, захиалга болон тасалбарын мэдээллийг хамгаалах зохистой арга хэмжээ авна.
13.2. Төлөвлөгөөт засвар үйлчилгээ эсвэл мэдэгдэж буй саатал нь захиалга, тасалбар ашиглалтад нөлөөлөхөөр бол боломжтой хугацаанд хэрэглэгчид мэдээлнэ.
13.3. Системийн саатал гарсан нь баталгаажсан захиалга, төлбөрийг автоматаар хүчингүй болгохгүй. TALON бүртгэлийг шалгаж, тасалбар сэргээх, захиалга баталгаажуулах эсвэл төлбөр буцаах зохих арга хэмжээг авна.
13.4. TALON болон зохион байгуулагч нь өөрсдийн хүлээсэн үүрэг, буруутай үйлдэл, эс үйлдэхүйд хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ. Энэхүү нөхцөлийг хуульд заасан хариуцлагаас бүхэлд нь чөлөөлөхөөр тайлбарлахгүй.
13.5. Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон тал нь нөхцөл байдал, нөлөөлөл болон авч буй арга хэмжээний талаар мэдээлнэ. Ийм нөхцөл үүссэн нь ашиглаагүй үйлчилгээний төлбөрийг автоматаар буцаахгүй байх үндэслэл болохгүй.
14. Оюуны өмч
14.1. TALON-ы нэр, лого, программ хангамж, дизайн болон өөрийн бүтээсэн контентын эрх нь TALON эсвэл холбогдох эрх эзэмшигчид хамаарна.
14.2. Арга хэмжээний зураг, уран бүтээлчийн нэр, лого болон бусад материалын эрх нь тухайн эрх эзэмшигчид хамаарна. Тасалбар худалдан авсан нь эдгээрийг арилжааны зорилгоор ашиглах эрх олгохгүй.
14.3. Хэрэглэгч өөрийн тасалбарыг хууль ёсоор ашиглах, захиалгын баримтаа хадгалах, гомдол болон эрхээ хамгаалах зорилгоор холбогдох мэдээллийг ашиглаж болно.
15. Санал, хүсэлт ба маргаан шийдвэрлэх
15.1. Хэрэглэгч үйлчилгээтэй холбоотой асуулт, гомдол, буцаалтын хүсэлтээ дараах сувгаар гаргана:
- Үйлчилгээ эрхлэгч: АКТ ЭМ ЭН ХХК
- Цахим шуудан: support@akt.mn
- Ажиллах цаг: Даваа-Баасан 09:00-18:00
- Хаяг: Улаанбаатар, БГД, 26 дугаар хороо, Дундгол гудамж, Уранган оффис, 2 дугаар давхар
15.2. TALON хүсэлт хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор анхны хариуг өгнө. Нэмэлт шалгалт шаардлагатай бол хариуцсан тал болон шийдвэрлэх төлөвлөсөн хугацааг мэдээлнэ.
15.3. Талууд маргааныг харилцан тохиролцож шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Тохиролцоонд хүрээгүй бол Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллага, шүүхэд хандаж болно.
15.4. TALON-д хүсэлт гаргасан эсэхээс үл хамааран хэрэглэгч хуульд заасан журмаар эрх бүхий байгууллагад гомдол гаргах, шүүхэд хандах эрхтэй.
16. Нөхцөлийн шинэчлэл
16.1. TALON энэхүү нөхцөлийг шинэчлэхдээ шинэчилсэн огноо, хүчин төгөлдөр болох хугацааг Платформд нийтэлнэ. Хэрэглэгчийн эрх, төлбөр, буцаалтад нөлөөлөх чухал өөрчлөлтийг холбогдох хэрэглэгчид урьдчилан мэдээлнэ.
16.2. Баталгаажсан захиалгад худалдан авалт хийх үед хэрэглэгчийн зөвшөөрсөн нөхцөл үйлчилнэ. Хуульд заасан эсвэл хэрэглэгч тусгайлан зөвшөөрснөөс бусад тохиолдолд шинэ нөхцөлөөр өмнөх худалдан авалтын эрхийг дордуулахгүй.
16.3. Энэхүү нөхцөлийн аль нэг заалт хүчин төгөлдөр бус болсон нь бусад заалтын хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй.
Асуулт байвал support@akt.mn хаягаар эсвэл Нууцлалын бодлого хуудсаар холбогдоно уу.